Их Эмч, Анагаах Ухааны Доктор Вей Хуа Чень
Хүүхдүүд өөрсдийн хайртай амьтадтайгаа харилцсанаар тэдний эрүүл мэнд сайжирдгийг эцэг эхчүүд ойлгосноор сэтгэл хангалуун байдаг байна.
Гэртээ амьтан тэжээдэг хүүхдүүдийг тэжээвэр амьтадгүй хүүхдүүдтэй харьцуулахад тэд илүү эрүүл чийрэг, дархлаа сайтай байдаг нь Финляндын судлаачдын судалгаагаар тогтоогдсон нь амьтанд хайртай хүмүүсийн баяр бахдалыг төрүүлжээ. Тайвань улсын эх барих- эмэгтэйчүүдийн нэр хүндтэй эмч, анагаах ухааны доктор Вей Хуа Ченийн өгсөн ярилцлагыг та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна. Тэрбээр Тайвань улсын Кээлунг Хотын Цэргийн Нэгдсэн Эмнэлгийн Салбарын даргаар ажиллаж байсан бөгөөд байгалийн аргаар эмчлэх ухаанд мэргэшсэн ба Тайпей хотын Ловинг Клиникийн захирлаар ажилладаг.
Доорх нийтлэл нь Тайвань улсын Де Либерти Таймс сэтгүүлд хэвлэгджээ.
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАД НЬ ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ БОЛОХЫГ ФИНЛЯНДЫН СУДЛААЧИД ОЛЖ ТОГТООЖЭЭ
Их Эмч, Анагаах Ухааны доктор Вей Хуа Чень
Де Либерти Таймс Сэтгүүлийн 2013.3.7-ны дугаарт нийтлэгдэв.
Амьтан тэжээх нь хүүхдийн эрүүл мэндийг сайжруулдаг. Финляндын Эрүүл Мэнд Нийгмийн Халамжийн Үндэсний Хүрээлэн нь тэжээвэр амьтан хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар “Нэг нас хүртэлх хүүхдийн амьсгалын замын өвчлөл: Үүнд нохой, мууртай харьцсаны нөлөөлөл” гэсэн судалгааг “Хүүхдийн эрүүл мэнд” сэтгүүлд хэвлэн гаргажээ. Судалгаанд эхийн хэвлийд байхаас нь эхлээд нэг нас хүртэлх 397 Финлянд хүүхдийг хамруулжээ.
Судлаачид гэртээ нохой болон мууртай хүүхдүүд ханиалга, дунд чихний үрэвсэл, хамар болон хамрын салст бүрхэвчийн үрэвсэл болон богино хугацаанд антибиотик эмчилгээ шаардагддаг бусад өвчнүүдээр өвчлөх магадлал нь бага бөгөөд илүү эрүүл байдгийг олж тогтоожээ.
Судалгаагаар өдөр тутам нохой мууртай харьцах нь нярай хүүхдийн амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдлыг бууруулдгийг онцлон тэмдэглэжээ. Муур нь нохойг бодвол нярай хүүхдийн дархлааг арай бага хамгаалах боловч хүүхдийг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөхөөс нь хамгаалдаг байна.
Судалгаагаар гэртээ нохой эсвэл муургүй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй харьцуулбал гэртээ нохой, муур тэжээдэг хүүхдүүд илүү эрүүл чийрэг байдгийг тогтоожээ. Нохой тэжээдэг хүүхдүүд халууралт болон бусад өвчнөөс ангид байх магадлал 31%-аар нэмэгддэг байна. Мөн гэртээ нохой тэжээдэггүй хүүхдүүдтэй харьцуулбал нохойтой хүүхдүүд чихний халдвар 44%, халууралт 20%, антибиотик хэрэглэх нь 29%-аар буурсан байна.
Хачирхалтай нь нохойг гэрт биш, ойр хавьдаа байлгах нь нярайн эрүүл мэндийг сайжруулахад ач холбогдолгүй байжээ.
Нохойг гэртээ өдөрт 6 цаг орчим байлгах нь хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй ажээ. Энэ нь өвчинд өртөхгүй байх магадлалыг 46%-аар нэмэгдүүлж, халууралт 37%, хамар болон хамрын салст бүрхэвчийн үрэвсэл 40%, чихний халдвар 62%, антибиотикийн хэрэглээг 46%-аар тус тус бууруулжээ. Нохойг өдөрт арван зургаан цагаас дээш хугацаагаар гэртээ байлгах нь өвчлөхгүй байх магадлалыг 41%-аар нэмэгдүүлсэн хэдий ч халууралт, дунд чихний үрэвсэл болон антибиотикийн хэрэглээг бууруулахад тус болоогүй байна.
Муурыг гэртээ тэжээх нь өвчлөхгүй байх магадлалыг 64%-аар нэмэгдүүлэх хэдий ч халуурах тохиолдлуудыг бууруулаагүй байна.
Бусад ийм төрлийн судалгаанаас үзэхэд муур, нохойг тэжээх нь ходоод, нарийн гэдэсний үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Эдгээр судалгаа нь “Нярай үед амьтантай нөхөрлөх нь маш чухал ” гэсэн онолыг дэмжиж байна. Балчир насандаа нохой эсвэл муур тэжээх нь нярай хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах нөлөөтэй бөгөөд энэ нь ханиад томуу болон дунд чихний үрэвсэл зэрэг амьсгалын замын болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх өндөр дархлааг бий болгодог.
ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН АРИУН ЦЭВЭРТ АНХААРАХ НЬ
Тэжээвэр амьтантай болохыг хүсч буй гэр бүлүүдэд худалдан авах бус өргөж авахыг санал болгодог. Ингэснээр хүнлэг бус аргаар тэжээвэр амьтдыг хэт олноор үржүүлж, ашгийн төлөө худалдаалж буй хүмүүсийг дэмжихгүй гэсэн үг юм. Мөн орхигдсон, хаягдсан нохой муур хороогдох явдлыг багасгана.
Тэжээвэр амьтдыг өсгөхөд хамгийн чухал зүйл бол тэжээвэр амьтан болон гэр бүлийн гишүүдээ халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлж, тэжээвэр амьтдынхаа ариун цэвэрт анхаарах явдал юм.
Хүүхдүүд дотнын анд болох тэжээвэр амьтантайгаа байх нь тэдний дархлааг сайжруулж, эрүүл чийрэг байж чадна гэдгийг ойлгуулсан Финляндын эрдэмтдэд гүнээ талархъя. Мөн их эмч, анагаах ухааны доктор Вей Хуа Ченьд энэхүү нийтлэлийг дуртайяа дахин нийтлэхийг зөвшөөрсөнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн сацуу Амьтдын Бүхэл Бүтэн Вант Улсын талаарх бидний ойлголтыг баяжуулж байдаг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай танд гүнээ талархаж байна.
Англи хэл дээрх эх сурвалж: https://news.godsdirectcontact.net