Хүмүүсийн ихэнхи нь Багшид итгэж байхад л болчихно гэж боддог, гэтэл тийм биш юм. Та надаар өөрийгөө цэвэрлүүлэх дуртай байх ёстой. Хэрвээ та хог новштойгоо зууралдаад баймаар байгаа бол хэн ч түүнийг тань танаас авч чадахгүй. Надад итгээд, номыг маань уншаад, миний зураг хөргийг шүтээд байх нь тухайн хүндээ зарим талаараа хэрэгтэй л юм биз. Гэвч энэ нь зөвхөн гадна талыг тань л цэвэрлэхээс биш дотор талыг тань цэвэрлэдэггүй юм. Та өч төчнөөн төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрээ өөрөө зохицуулчихаж чадахгүй. Маш их хог новш байдаг болохоор нэн удаан хугацааны туршид арилдаггүй юм.
Бид төрөл төрөлдөө асар их муу муухай зүйл хурааж хуримтлуулсан байдаг. Хир буртгаасаа бүрэн салж, гэр орондоо очихын тулд тухайн хүнд энэ хог новшийг хэрхэн зохицуулахыг мэддэг маш их туршлагатай хүн хэрэгтэй болно. Зарим байшин хэтэрхий хуучин учир цэвэрлэхийн тулд зайлшгүй таазыг нь дахин хийж, ханыг нь будаж, хивсийг нь хурааж зөөх хэрэгтэй болдог. Дотор нь амьдран суухаасаа өмнө өнцөг булан бүрийг нь цэвэрлэж, шинээр шаллаж, ханыг нь засах хэрэгтэй. Үүнтэй адил бидний доторхи байшин, энэ уураг тархи маань хог новш, хир буртгаар дүүрчихсэн байдаг. Тэгвэл бидний ёс суртахууны ойлголт, сүр жавхлант хүсэл зорилго маань өнөөх муу дадал зуршил, сувдаг сэтгэл, уур хилэн, шохоорхол сонирхол зэргээсээ салсны дараа л цэцэглэн хөгждөг юм. Энэ хоёр хамтдаа орших аргагүй.
Авшиг хүртсэн хүмүүсийн хувьд гэвэл Багш тэднийг дотроос нь бүрэн цэвэрлэчихдэг юм. Хүмүүсийн олонхи нь миний зургийг гэртээ тавьж, шүтэж биширч, ингээд л болчихно гэсэн буруу ойлголттой байдаг. Тэдний шүтэн бишрэх дадал их гүн ул үндэстэй. Тэд ертөнцийн элдвийн Бурхан шүтээн тэр байтугай модон бурхныг ч хүртэл шүтдэг тэд намайг хүч чадалтай гэж дуулаад зургийг минь гэртээ аваачин шүтэж биширч гардаг.
Энэ нь тус нэмэртэй хэдий ч зөвхөн гадна талын зүйл юм. Би одоо тов тодорхой хэлж өгье. Хэрвээ та үнэхээр үхэж төрөхийн энэ хүрднээс чөлөөлөгдөхийг хүсч байгаа бол, хир буртаг, үйл үрээсээ салмаар байгаа бол ингэх ганц арга нь авшиг хүртэх явдал юм. Тэгэхээр ярьж буй зүйлд маань битгий төөрч будилчихаарай. Энэ талаар маш олон хүн буруу ойлгодгийг би мэднэ. Үнэхээр харамсалтай. Энэ нь надад итгэдгүйгээс биш буруу ойлгочихдогоос л болж байгаа юм. Хэдийгээр би өнөөдөр үүнийг анхааран тодруулж өгч байгаа ч гэсэн энэ маань та нарыг заавал авшиг авахуулахын тулд хүчлэж, аргадаж байгаа хэрэг биш юм шүү. Би зөвхөн төөрч будилсан тэр хүмүүст авшиг хүртсэн, хүртээгүйн хоорондын ялгаа, ач холбогдлыг л тодорхой ойлгуулъя гэсэн хэрэг.
Тэр бүү хэл надад итгэдэггүй хүмүүс авшиг хүртсэнийхээ дараа надад итгэдэг мөртлөө авшиг хүртээгүй хүнээс илүү сайжран дээшилдэг. Энэ нь гэр бүл бололгүйгээр хэн нэгэн хүнийг хайрлаж дурлаж буйтай ижилхэн. Эс бөгөөс үүний ач тус гэж юу байх вэ дээ. Хэн нэгнийг хайрлаад сүйд болоод байхгүй ч гэсэн өдөр бүр хамт амьдарч, энэ дэлхийд хамтдаа цэнгэж жаргаж, гэрлэж үзэх нь үүнээс огт өөр юм. Асар их ялгаа бий шүү. Тийм биш гэж үү. Хэрвээ та хэн нэгэн эмэгтэйд хайртай бол түүнтэй гэрлэхийг бодох уу эсвэл өдөр бүр хаалган дээр нь зогсож, гаднаас нь хайрлахыг илүүд үзэх үү. \Түүнтэй гэрлээч!\ Гэрлээч! Тэр эмэгтэйг зүгээр л хайрлах нь хангалттай, сүйт хархүү нь байснаас илүүхэн хайрласан нь дээр гэж надад битгий хэлж үзээрэй. Хэрэв хол тусдаа байх юм бол түүнийг хайрлахын хэрэг тэгээд юу байгаа юм бэ? Хэрвээ түүнийгээ үнэхээр л хайрлаж энхрийлэхийг хүсч байгаа юм бол, гэрлээч тэгээд. Тэгээд үхэж төрөхөөс ангижирмаар байгаа бол, Багшаас жинхэнэ тусламж авмаар байгаа бол, энэ адислалын хүч болон аугаа үр шимийг хүртмээр байгаа бол та авшиг хүртэх хэрэгтэй!
Эх сурвалж: “Билгүүн ертөнц” сэтгүүл