Чин Хай багшийг мэдэж, Дотоодын Гэрэл Аялгууны аргаар бясалгахаасаа өмнө би амьдралынхаа зорилгыг огт ойлгодоггүй, Бурхан намайг хүн болгон төрүүлсэн нь тоглоом байсан биз гэж дандаа боддог байв. Бүтэн хорин зургаан жилийн турш сурч мэдсэн юу ч үгүй, олигтойхон ч амьдарч чадаагүй өнгөрчээ. Өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан, Бурхан хүртэл намайг тоохгүй юм байна гэж боддог байлаа. Би энэ дэлхий дээр яагаад амьдарч байгаагаа үнэхээр мэддэггүй, бодит амьдралтай нүүр тулах зориг зүрхгүй болохоор өөрийгөө хуурах гэж архи, тамхи, хар тамхи хэрэглэж, бие махбодоо хордуулж явлаа. Өдрийг үзэн ядаж, зөвхөн шөнө л өөрийнхөө амьд гэдгийг мэдэрдэг байсан. Миний хувьд бүжиг диско, мөрийтэй тоглоом, хар тамхи, танхайрах нь амьдралын минь арга зам болсон байлаа. Үүнээсээ болоод олон ч удаа шоронд орсон. Тэр нэгэн шөнийн хар дарсан зүүднээс сэрэх хүртлээ би энэ замарч будилсан амьдралаа өөрчилж чадаагүй. Тэр зүүдэнд би өөрийгөө өндөр хадны ирмэг дээр зогсож байхыг харлаа. Зайлахын аргагүй харанхуй хавцлын ёроол руу унахад ялимгүй жаахан хөдлөхөд л гүйцэх байв. Би хүйтэн хөлсөө чахартал айсан байлаа. Тэгээд Бурхнаас мултрах зам зааж өгөхийг хүсэн мөргөж гуйж эхэлсэн юм.
Өнгөрүүлсэн утга учиргүй амьдралаасаа болоод би бүр туйлдаж гүйцээд цөхрөл харанхуйгаар дүүрсэн тэр орчин нөхцөл хийгээд найз нараасаа харилцаагаа таслахаар шийдэв. Сэтгэл маань шинэ хүн болох, өөрийн жинхэнэ би-гээ мэдэх, өөрөө өөрийнхөө багш болох гэсэн хүчтэй хүсэл тэмүүллээр дүүрсэн юм. Амьдралынхаа зорилгыг мэдэхгүйгээр амьд хүүр мэт амьдрахыг үүнээс илүү тэвчиж чадаагүй.
Азаар амьдралаа өөрчилье гэсэн шийдвэрийг минь Бурхан сонсож хариу өгсөн. Бурханы зааснаар Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын гэр бүлийн нэгэн эгчтэй танилцсан. Багшийг анх харах үед сэтгэл зүрх минь хайр энэрлээр бялхаж, хоёр нүдний минь нулимс хацар даган урсаад огт зогсохгүй байлаа. Дараа нь би веган хоолонд орж, өдөрт хоёр, гурван хайрцаг тамхи татах, хар тамхи хэрэглэх, мөрийтэй тоглох, архи уух зэрэг хамаг л муу зуршлаа хаясан.
1997.09.17 миний авшиг хүртэх өдөр. Би эгчтэйгээ Миаоли руу галт тэргээр явах гэж байв. Маш олон хүн тасалбар авах гээд дараалалд зогсчихсон, галт тэрэг хөдлөхөд ердөө хэдхэн минут дутуу байв. Бид тасалбар авч чадаагүй болохоор эхлээд галт тэргэнд амжиж суугаад дотор нь орсон хойноо авахаар шийдсэн юм. Галт тэрэг бараг хөдөлж байхад эгч маань ороод би араас нь үсрэх гээд доогуур нь уначихсан. Хэвлийг минь хурц юм зүсэх шиг болоход би Багшаа авраарай, авраарай гэж хашхирсан. Хэдэн арван метр хэртэй чирэгдсэний дараа галт тэрэг гэнэт тоормослон зогслоо. Тэгэхэд миний мөр бүхлээрээ дор нь орчихсон байсан. Намайг гаргаж ирэх үедээ хүмүүс үхчихсэн байх л гэж бодсон гэсэн. Ийм нөхцөл байдалд арван хүний ес нь нас барж, үлдсэн нэг нь саа өвчинд нэрвэгдэж хоцордог гэнэ лээ. Аз болоход миний бие зөвхөн шалбарсан төдий байсан ч эмнэлэг рүү мэс засал хийлгэх хэрэгтэй эсэхийг шалгуулахаар явууллаа. Гэтэл харин шинжилгээгээр бүх юм сайн гэж гарсан шүү. Үнэхээр гайхалтай, хүн болгон намайг Бурхан адисаллаа гэцгээж байсан. Тэгээгүйсэн бол ийм үхлийн осолд орсон мөртлөө би амьд үлдэж яаж чадах билээ дээ. Намайг аварсан хүн бол Багш гэдгийг ганцхан би л мэдэж байсан юм. Миний төлөх ёстой үйл үрийг тэр нэг жаахан ослоор л хаачихсан байсан. Нөгөө талаар энэ үйл үрийн маань үлдсэн нэлээд хэсгийг нь цэвэрлэн ариусгахын тулд Тэрбээр өөртөө их зовлон зүдүүр үүрсэн юм. Багшаасаа авшиг хүртэх боломж байсан нь намайг хүлээж байсан хамгийн том аз завшаан байлаа. Авшиг хүртсэнийхээ дараа би өөрийгөө болон өрөөл бусдыг хайрлаж, улам их хүндлэх болсноо мэдэрсэн. Бясалгал хийж, веган хоол идэх болсны үр дүнд эрүүл мэнд маань сайжирч, хэдийгээр бэрхшээлтэй байсан ч гэсэн юмны сайн талыг нь харж, ямарваа нөхцөл байдалд баригдахгүйгээр өөрийгөө удирдан хянаж чаддаг болсон. Надад дахин төрсөн мэт сэтгэгдэл төрдөг. Одоо би огт өөр хүн болсон. Намайг таньдаг, мэддэг, хүрээлдэг байсан хүмүүс миний өөрчлөгдсөнийг хараад маш их гайхдаг. Багш маань хэрвээ хүн болгон Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалаар бясалгавал энэ дэлхий амар амгалан болно гэдэг юм. Би бол үүний нэг тод жишээ.
Эх сурвалж: “Билгүүн ертөнц” сэтгүүл