Тавь гаруй бие даасан байгууллагын судалгаан дээр үндэслэн АНУ-ын Хүнс Эмийн Удирдлагын Газар нь хамгийн багадаа 6.25г шар буурцгийн уургийн агууламж бүхий хоол хүнс үйлдвэрлэгчдэд дараах шошгыг баглаа боодол дээрээ тавихыг зөвшөөрөв: “Холестрол болон ханасан өөх тосны хэмжээ бага хоол хүнс буюу өдөрт 25г шар буурцгийн уураг хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна.
Цусан дахь холестрины хэмжээ өндөр хүмүүс хоол хүнсэн дэх амьтны гаралтай уургаа шар буурцгийн уургаар орлуулан хэрэглэхэд нийт холестрин болон бага нягтралтай липопротеины хэмжээ (муу холестрин) эрс буурдаг болохыг АНУ-ын захиргааны байгууллагуудад олон судалгаа баталж харууллаа.
Судлаачид шар буурцгийн уураг нь яагаад ийм үр нөлөөтэй байдаг талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн хэдий ч одоогоор бүрэн тодорхойлогдоогүй хэвээр байна. Цөсний хүчлийн ялгаралт ихэссэнтэй холбоотой цусан дахь холестриныг зайлуулдаг байж болох юм. Өөр нэг таамаглал бол шар буурцгийн уураг нь цуснаас бага нягтралтай өөх тосыг зайлуулах үйлдлийг элгэнд өдөөж өгдөг ба эсвэл шар буурцаг дахь изофлавины антиоксидант үйлчлэл юм уу эсвэл цусны судас тэлэхэд тусалдагт байна. Ингэснээр бага нягтралтай липопротеины нөлөөгөөр артерийн судас гэмтэж судасны хананд нь товруу үүсэх явцыг бууруулж болох юм гэж үзэж байна.
Аль ч онол нь зөв бай, изофлавины тухайд түүний хамгаалах чадвар нь зөвхөн зүрхээр хязгаарлагдахгүй юм. Зарим эрдэмтэд шар буурцгийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг шар буурцагт агуулагддаг лигнин болон изофлавин гэж үзэж байгаа бөгөөд энэ 2 бодис нэгдэж хүний эстроген даавартай төстэй үйлчилгээ үзүүлдэг.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын хэт ялгаралт нь хөхний хорт хавдар болон дааврын гаралтай өндгөвч, умайн эндометрын хавдрыг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Эмэгтэйчүүдийн хөх, өндгөвч болон умайн эндометрийн хавдар үүсэхэд бета эстроген хүлээн авагч эс гол нөлөө үзүүлдэг бөгөөд эстроген даавар их хэмжээгээр ялгарах нь бидний хорт хавдар гэж нэрлэдэг ДНХ болон эсийн хяналтгүй хуваагдалд хүргэж байж болзошгүй юм.
Шар буурцагт агуулагдах ургамлын гаралтай эстрогений давуу тал гэвэл тэрээр хэлбэр болон бүтцийн хувьд хүний эстроген даавартай төстэй ба хүний эстроген даавраас арай сул үйлчилгээтэй ч бета эстроген хүлээн авагчтай холбогдож чадах учраас хавдрын үед эсийн хяналтгүй хуваагдах явцыг бууруулах боломжтой.
Английн Вельс дахь БиоКлиникийн Судалгаа Үйлчилгээний Лабораторийн ахлах эрдэмтэн Доктор Майкл Мортон “Лабораторийн туршилтын сүүлийн үеийн судалгаагаар бол шар буурцагт агуулагдах ургамлын гаралтай эстроген болох изофлавины гол найрлага буюу генистеин нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэдэг тамоксифен гэдэг эмтэй төстэй үйлчилгээтэй байна” гэж судалгааны явцын хэтийн төлөвт хувь нэмрээ оруулсан.
Генистеин нь хавдрын эсийг тэжээх цусны судсууд шинээр бий болохоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эсийн хуваагдалд оролцдог ферментүүдийн үйл ажиллагааг саатуулснаар эсийн өсөлт болон зохицуулалтад чухал нөлөөтэй байж болох юм.
Шар буурцгийн ашиг тус үүгээр хязгаарлагдахгүй. Судалгаанаас үзэхэд шар буурцаг дахь ургамлын эстроген нь цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн бие махбод дахь эстрогены хэмжээг багасгах нөлөө үзүүлдэг бол цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд ургамлын гаралтай эстрогены хүч сул хэдий ч цэвэршилтийн улмаас биед илрэх богино болон урт хугацааны нөлөөг бууруулдаг байна. Өдөр бүр 40г шар буурцгийн уураг хүнсэндээ нэмж хэрэглэснээр сээр нурууны эрдсийн агууламжийг сайжруулаад зогсохгүй нүүр халуу оргих зэрэг цэвэршилтийн үеийн шинж тэмдгийг бууруулдаг байна.
Өдөрт 20-50мг ургамлын эстроген хэрэглэдэг япон зэрэг улс орнуудыг өдөрт 1мг-ийн хэрэглээтэй баруун Европын орнуудтай харьцуулбал хөхний хорт хавдар үүсэх магадлал 5-8 дахин бага байдаг байна. Хэрэв бид өдөр тутам хоол хүнсэндээ шар буурцгийн хэрэглээгээ нэмэгдүүлбэл зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулаад зогсохгүй цэвэршилтийн өмнөх болон дараах үеийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулахад ихээхэн ач тустай.
Эрүүл мэндийн ашиг тусыг нь бичсэн шошго бүхий шар буурцгийн бүтээгдэхүүнийг та супермаркетуудад харах боломжтой болж байна.
Ишлэл:
- Meta-analysis of effects of soya protein intake on serum lipids in humans. Anderson JW et al. New England Journal of Medicine. 1995; 333(5): 276-282.
- Effects of soya isoflavones on oestrogen and phytooestrogen metabolism in premenopausal women. Xu X et al. Cancer Epidemiology, Biomarkers and Prevention: vol. 7, 1101 – 1108, 1998.
- The effect of dietary soya supplementation on hot flushes. Albertazzi P et al. Obstetrics and Gynecology: vol. 91, No.1, January 1998.
- Soya protein and isoflavones: their effects on blood lipids and bone density in postmenopausal women. Potter S et al. American Journal of Clinical Nutrition: 1998; 68 (supl):1375s – 9s.
- Setchell K.D, Cassidy A Dietary isoflavones: biological effcts and relevance to human health. Jnutr. 1999; 129:758S-767S.
Орчуулгын эх хаяг: