Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс,
АНУ-ын Флорида муж, 1998-10-04
(Эх нь Англи хэл дээр) 638-р DVD
Бид хамтрагчаа (ханиа) ийм ч байна, тийм ч байна, тийм ч зүйл хийнэ, ийм ч зүйл хийнэ гэж боддог. Хийхгүй болохоор урам хугардаг. Бидэнд таалагдахгүй үед сэтгэл гонсойн, гомдох зэргээр харилцаагаа тасалдаг. Гэвч харилцаа гэдэг нь та нөгөө хүнээрээ өөрийн хүссэн зүйлээ хийлгэхийг хүсэн хүлээж суух зүйл биш юм. Энэ нь та хүсээд байгаа тэр зүйлээ өөрөө хийхийг хэлдэг, өөрөөрөө байхыг, хэн гэдгээ, хэр сайн гэдгээ, ямар болохыг хүсэж байгаагаа, тэрхүү харилцаа эсвэл гэрлэлтдээ та ямар хүн байхыг хүсэж байгаагаа харуулахыг хэлдэг. Магадгүй та сайн эхнэр, “супер эхнэр”, тэвчээртэй юм уу үнэнч эхнэр байхыг хүсэж байж болох юм. Харилцаанд та өөрийн дүрдээ хэн байхыг хүсэж байгаа нь чухал болохоос цаг үргэлж нөхрийгөө хэн байхыг харж, өөрт тань хэрхэн хандахыг, өөртэй чинь хэрхэн ярихыг харж суух биш юм.
Гэвч гэрлэлтийн асуудал үүнд байдаг; та нар бүгдийг нь буруугаар ойлгочихсон. Та нар ингэж боддог “За, одоо би энэ эмэгтэйтэй/эрэгтэйтэй учирсан болохоор миний амьдрал өөрчлөгдчихсөн. Гайхалтай. Энэ эмэгтэй/эрэгтэй намайг аз жаргалтай болгох болно.” Гэтэл тийм биш! Та л өөрийгөө энэ харилцаанд сэтгэл хангалуун юм уу сэтгэл дундуур болгоно. Гэвч ихэнх тохиолдолд хамтрагч маань намайг сэтгэл хангалуун болгоно гэж боддог, төсөөлөлд байгаа тэр нэгэн байх болно гэж боддог. Энэ л асуудал юм. Бид өөрсдөө хэн болохыг хүсэж байна, түүн шигээ байхаа мартдаг. Өөрсдөдөө зориулан нэгэн төрлийн идеалист хөтөлбөр гаргахаа мартдаг. Үүний оронд хамтрагчдаа зориулан нэгэн хөтөлбөр зохиодог, хамтрагчаа үүндээ нийцүүлэх гэсэн нэгэн төрлийн томилгоо, төсөөллийг бий болгодог. Тэгээд аль аль нь адилхан ингэж хүсэн хүлээдэг болохоор юмс нуран унадаг.
Бид бүгдийг нь буруугаар ойлгочихсон хэрэг. Ямар ч нөхцөл байдалд бид зөвхөн өөрсдийгөө л шалгах ёстой. Ийм тохиолдолд юу хийх вэ? Хэн байх вэ? Юу харуулахыг хүсэж байна вэ? Хамтрагчдаа эсвэл дэлхийдээ сайн чанарын алийг нь харуулахыг хүсэж байна вэ? Хамтрагч маань бидэнд юу ч харуулах албагүй. Тэр эрэгтэй/эмэгтэй юугаа харуулахыг хүснэ, энэ тэдний л асуудал. Бидний асуудал бол бид өөрсдөө, үргэлж бид байдаг. Гэвч ихэнх хүмүүс гэрлэсэн үедээ ч юм уу хамтрагчтай болсон үедээ эсвэл найз нөхөдтэй болсон үедээ хамаг анхаарлаа нөгөө талдаа хандуулдаг, нөгөө хагасдаа. Тэгээд л шалгаж гарна: “Өө, тэр буруу хийчихлээ. Тун муу хийжээ.” Эсвэл “Тэр сайнгүй юм. Тэр эелдэг бус юм.” Үүнийг март! Бид өөрсдийгөө шалгах учиртай. Чухал хүн нь бид өөрсдөө юм шүү дээ. Ямар ч харилцаа, ямар ч нөхцөл байдал нь бидэнд сургалт болдог болохоос нөгөө хүнд биш. Нөгөө хүн тань бол зүгээр л өөрчлөгч бөгөөд бидэнд хүч чадлаа турших, өөрсдийнхөө талаарх төсөөллөө шалгах шалтгаан болж өгдөг.
Энэ л асуудал юм. Ийм учраас гэрлэлтүүд олон тохиолдолд бүтдэггүй. Тиймээс гэрлэлтээ магадалж үзээд засаж залруул. Гэрлэлт гэдэг нь нөхөр юм уу эхнэрийн тань тухай бус харин өөрийн тань л тухай юм. Энэхүү харилцаандаа та ямар хүн байхыг хүсэж байна, хамтрагчдаа юу харуулахыг хүсэж буйг хэлж байна. Хэрвээ тэр үүнд сайн хариу баривал сайн л хэрэг. Хэрвээ сайнгүй хандвал та шальтай зүйл хийж чадахгүй. Гэхдээ өөрийгөө шалгаад үз, тэнцвэртэй байгаа эсэхээ, зөв зам мөртөө хэвээр байгаа эсэхээ, өөрийгөө АСУУДАЛГҮЙ эсэхээ шалга. Тэгээд тэр тантай үлдвэл үлдэнэ, явбал явна. Та яалтай ч билээ. Түүнд бүх анхаарлаа хандуулж, өөрийгөө алдаж, мартаж болохгүй. Та тэр эмэгтэйдээ/эрэгтэйдээ анхаарлаа хандуулах тусмаа та улам бүр буруудна. Тэгээд л тэр эрэгтэй/эмэгтэй таныг улам шүүмжилж, харилцаа бүр ч дорддог!
Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No. 131