Насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн тэмцээн 4 сарын 12-13-нд АСА циркэд болж өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн 17 байгууллагын 150 гаруй тамирчид оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн +75 жинд Орхон аймгийн “Орхон Хангарьд” клубын тамирчин Ц.Ариунжаргал тэргүүлж, 2 дахь удаагаа улсын аварга болсон байна.
Биеийн тамирын тэргүүний ажилтан, хүндийн өргөлтийн спортын мастер Ц.Ариунжаргал энэхүү спортоор 13 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд олон гайхалтай амжилтыг үзүүлжээ. Тухайлбал: 2008 онд Солонгос улсын Гоянг хотод болсон хүндийн өргөлтийн Азийн клубуудын цомын тэмцээнээс 3 хүрэл, 2010 онд хүчний 3 төрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 2010 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, 2012 онд монголын бүх ард түмний 13-р наадмаас мөнгө, 2013, 2014 онд алтан медаль хүртжээ.
Тэрээр 2010 оны 8 сараас энэрэнгүй хүнс – веган хоолыг сонгожээ. Спортын дээд амжилтуудыг үзүүлсэн олон алдартнууд цагаан болон ногоон (веган) хоолны дэглэм баримталдаг бөгөөд тэдгээрээс дурдвал: Карл Луис (АНУ-н хөнгөн атлетикийн тамирчин, Олимпийн 9 удаагийн аварга), Муррей Рөүс (Австралийн усанд сэлэгч, Олимпийн 4 удаагийн аварга), Пааво Нурми (Финляндын холын зайнд гүйгч, Олимпийн 12 удаагийн шагналтан), Патрик Бабоумиан (Герман Улсын хамгийн хүчтэй хүн), Майк Тайсон (АНУ-н боксчин) зэрэг тамирчдыг нэрлэж болох юм.